Friday, January 20, 2017

Адуун сүрэг

Одоогоос арав гаруй мянган жилийн өмнө Төв Ази /Монгол/-д адууг анх гаршуулжээ. Монгол адуу анх үүссэн цагаасаа хойш өөр үүлдэртэй бараг эрлийзжигдээгүй цэврээр байгаа ашиг шим арвинтай сүрэг юм.
Монгол адууг уналга, эдэлгээнд ашиглахаас гадна мах, сүүг нь хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ хурдаар нь шилэн сонгон үржүүлж найр наадам, баяр цэнгэлийн үеэр уралдуулж ирсэн уламжлалтай.
Монгол улс адууны тоогоор Хятад, АНУ, Мексик, Орос, Бразил, Аргентины дараа 7-рт, 1000 хүнд ногдох адуугаар эхний байр эзэлдэг. Манай улс 2007 онд 2.2 сая гаруй адуу тоолуулсан нь нийт малын 5.5 хувийг эзэлж байна.
Адуу манай улсын бүх нутагт харьцангуй жигд тархсан, хангайн бүсэд 35.0%, баруун бүсэд 19.0%, төвийн бүсэд 23.0%, зүүн бүсэд 22%, Улаанбаатарт 1.0% тус тус байршиж байна.
Монгол адуу нь нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд уналга эдэлгээнд ашиглахад тохирсон, эх газрын эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй болохыг судлаачид тогтоожээ.
Монгол адуу үрсэн төлсөх, сүрэглэн ижилсэх, бэлчээрээ сонгон нутагших, алс хариас эргэж гүйх, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдрэх, азарга бүр тодорхой тооны гүү хураах, эхээ гишгэхгүй байх, үр төл байдсаа сүргээс хасах зэрэг өвөрмөц олон давуу чанаруудтай.
Монгол үүлдрийн адуу нь бэсрэгхэн биетэй болохоор мордох, буухад хялбар, унаад хол, ойр давхихад зөөлөн явдалтай учраас ядаргаа алжаал багатай, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд унахад гойд тохиромжтойн дээр жороо, сайвар, арилжаа, хурдан, хатирч, ганган, гоё зүстэй гэх зэрэг хүний анхарал, сонирхол татсан олон янз байдаг. Монгол адууг уналга эдэлгээнд ашиглахаас гадна мах, сүүг нь /айраг/ хүнсэнд өргөн хэрэглэдэг.
Монгол адуунаас хурдан, хатирч, спортын чиглэлээр болон мах, сүүний ашиг шимээр шилэн сонгож үржлийн ажил явуулах бололцоотой юм. Хурдан морь анхны жин уяа сойлгын дараа 12-15% хасагддагаас гадна биеэрээ ихээхэн хэмжээний шингэн, эрдэс бодис алддаг тул уяа, сойлгын дараа шингэн нөхөх эмчилгээ, сувилгааг эрчимтэй хийх шаардлагатай байдаг.
Уяа сойлгыг нь тохируулсан хурдан морь тэгш бус, уул даваа, ус бартаатай 28-30 км замыг /Их насны морьд/ 32-35 минут, азрага 22 км замыг 30-33 минут, соёолон 31-33 минут тус тус туулдаг байна.
Монгол адуу өвлийн улиралд их цастай нутагт хөр хунгарыг хөлөөрөө цавчин бэлчээрийн өвс ургамлыг ил гарган идээшлэдэг онцгой чадвартай. Хөлийн сагаг хүрэх хэмжээний буюу 10-20 см зузаан цастай бэлчээр монгол адуунд тохиромжтой. Ийм бэлчээрт адуу төдийлөн турж эцэхгүй онд ордог.
Монгол адуу дунджаар 0.27-0.37 г/см3 нягтралтай, 22 /10-41см/ см зузаантай хатуурч нягтраагүй цас бүхий бэлчээрт төвөггүй идээшилж чаддаг. Салхины хурд 8-10 м/сек хүрч байхад хэвийн бэлчиж чаддагаас гадна 35-40 хэмийн хүйтэнд бэлчээрийг сайн ашиглана.
Монгол адуу тэсвэр хатуужил, уналга, эдэлгээний чадвараар /биеийн жинтэй харьцуулахад/ бусад үүлдрийн адуунаас хавьгүй давуу, уналгын морь жилдээ 240-290 хоног ашиглагдаж, хоногт 70-80 км зам туулдаг. Харин биеийн жингийнхээ гуравны нэгтэй тэнцэх ачааг нуруундаа ачиж алсын замыг туулж чаддаг.
Монгол адуу нь бие жижигтэй ч уналга эдэлгээний чадавхи гойд сайн, холын замд эцэж цуцахдаа бага, өл хоол даах тэсвэр тэвчээр онцгой, ус унд, өвс тэжээл, уяа сойлго нь тохирсон үедээ хоногт 200 гаруй км зам туулах чадвартай. 4800 км алс зайг 90 хоног, 2500 км зайг 40 хоног туулдаг байна.
Монгол үүлдрийн адууны дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимээрээ бие биенээсээ онцлог ялгаатай
  1. Тэс,
  2. Галшар,
  3. Дархад,
  4. Мянгад,
зэрэг омог хэвшлийн адуунууд байдаг.
Цаашид монгол адууны доторхи омог, хэвшлүүдийн хоорондын удамзүйн тогтолцоо, биологи, физиологи, этологи, экологийн онцлогийг нас, хүйс, улирал, байгаль цаг уурын нөхцөлтэй нь холбон бүсчилэн нарийвчлан судлах, махны чиглэлийн адуу үржүүлэх, ойрын болон дундын зайд уралдах чадвартай спортын чиглэлийн адуу буй болгох зэрэг олон асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан судлах шаардлагатай байгаа болно.